Ж.Буяннэмэх: Зуншлага оройтож, мал махан тарга авахаа байлаа

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3-р багийн малчин Жамбын Буяннэмэхтэй уулзаж ярилцлаа.
 -Сайхан хаваржиж байна уу? Танай нүүдэлтэй таарлаа. 

-Сайхан хаваржиж байна. Нутаг сэлгэж хэнз ногоо бараадаж байна.
Бичин жилийн өвөл сайхан болсон. Хавартаа ч сайхан байна. Энэ жил ногоо оройтож байна даа.
 -Олон жил мал маллаж байна уу?
-1991 онд мал дээр гарсан даа. Тэрнээс хойш одоо болтол мал хариулаад явж байна. Өмнө нь Төв аймгийн Угтаалын ТМС-т сурч ирээд нэгдэл гэж байхад нэг жил хэртэй трактор бариад тэгээд эцэг эхээ дагаж мал малласан.
Мал маллах бол сайхан. Арвай буудай шиг нэг бүтэн үрждэг эрдэнэ мал шүү гэж манай эцэг маань ярьдаг.
-Мал бэлчээрээрээ нүүдэллэж байгаа юм байна даа. Замд үнээ тугалласан харагдсан.
-Манай хотонд 1400 гаруй толгой мал байна. Бог мал төллөөд дуусч байна. 400 гаруй төл авч авлаа. 40 гаруй гүү унагална. 30-аад үнээ тугаллана даа.
-Энэ хавар ашиг орлого ямар байв?
-Манай ямааны ноолуур гайгүй. Ноолуураа 87000 мянгаар борлууллаа. Сүүлийнхийг нь 75000 мянгад ч өгсөн. Жилдээ 100-200 толгой мал борлуулж байж амьжиргаагаа хангаж байна.
-Бэлчээрийн хүрэлцээ, даац муудлаа гэж малчид их ярих боллоо?
-Манайх Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3-р баг. Нутаг багатай. Тэр дотроо манай энэ Хөшөөт бол олон өрхтэй. Нутаг хавчигдмал л даа.
Өвөлжөө хаваржааныхаа дэргэд өвөлжиж, хаваржиж, зусна шүү дээ. Жилийн дөрвөн улиралд өвөлжөөгөө тойроод байж байна. Мал сайхан өсч байна. Хүний өөрийн гэхгүй сайхан өсч байгаа.
Газар тариалан эрхэлж Хөшөөт, Хавчуу талаас нь хавчаад,  Өлийн даваанаас өөр сум, багийн нутаг болоод явчихдаг. Багийн өрх нэлээн нэмэгдэж байна. Мал өсөөд сайхан байгаа.
Манайх Арц гэдэг газар нутаглаж байгаад Жагайтад ирсэн л дээ. Жигтэйхэн сайхан байхад нь 20 гаруй жилийн өмнө ирж байлаа. Ер нь өвс ургамал тарчигдуу л болж байна. Тэгэхдээ манай энд сайхан. Уул хангай, ус тэгшхэн.
-Туслах малчин олон байна уу?
-Нэг нь гэр бүлээрээ мал малладаг. Адуу мал хариулдаг залуу бий. Намар гүү барих үеэр ирдэг. Хавар мал төллөх үеэр ирээд унагаа бойжуулчихдаг. Алсдаа өөрийн гэсэн малчинтай болохгүй бол хэцүү л дээ.
 -Хөдөөгийнхөнд мал, дээр нь бас малчин маллах гэдэг төвөгтэй ажилтай болоо юу даа.
-Зарим нь сэтгэлээрээ сайхан мал малладаг. Мал маллаж чадах хүн чадахгүй хүн гэж байна. Чаддаг хүн байгаа хугацаандаа мал сайхан маллачихаад авдаг зүйлээ аваад явна. Чадахгүй хүнийг зааж сургах гээд их хэцүү л дээ.
Малчин маллах нь юу юм бэ зааж зурах нь их л дээ.
Сүүлийн хэдэн жил туслах малчинтай байгаа л даа. Тогтвор суурьшил нь хэцүү. Хүүхэд, ар гэрийн амьдралаас болоод хэсэг хугацаанд байж байгаад яваад өгдөг.
Тогтвортой дагнаад байх малчин ховор байна. Тэгэж таардаг байх. Идэш хоолыг нь өгөөд сарын 300 мянган төгрөгийн хөлс өгдөг шүү дээ. Манай энд тогтсон ханштай.
Гайгүй сайн төл аваад өгвөл бас нэг жилдээ 20-30 бог мал өгөх санаа бодолтой л байдаг. Ер нь бүтэн жил мал маллавал цалингаас гадна мал өгдөг л дөө.
-Ер нь хүмүүст мал өгдөг үү?
-Сумын залуу аварга, сайн малчин, мянгат малчин боллоо. Малжуулах төслийг 3 жил дараалан хэрэгжүүлсэн. Бог мал, бас үхэр, адуу ч өгч байсан. Нутгийн хүмүүст туслахыг бодолгүй яахав
-Малаа эрүүлжүүлэхэд хэр анхаарч байна. Элдэв төрлийн өвчин гараад төвөгтэй байна шүү.
-Багийн малын эмчтэй яриад зөвлөгөө аваад мал эмнэлэгийн арга хэмжээг хийдэг. Хавар намарт тогтмол хийнэ шүү дээ.
Ер нь малын тооноос чанар нь дээр юм гэдэг нь харагдаад байна. Таваарлаг чанартай мал хамаагүй дээр юм даа. Олон мал маллахад дийлэхгүй болж байна.
Малыг эрүүл байлгаж, тарга хүч сайн авахуулаад явбал өөрөө эрүүл байдаг амьтан. Чанар чансааг нь муутгаад л давжааруулаад байвал өөрөө л өвчилнө. Малаа сайн чанартай байлгавал эрүүл, элдэв зардал гарах нь ч бага байна шүү дээ.
-Малын ашиг шимээ хэр борлуулж байна даа?
-Айраг жаахан борлуулна. Улаанбаатар руу л ачдаг. “Мишээл экспо” үзэсгэлэн худалдаан дээр айраг зараад болж байсан. Одоо бол хэцүү болсон. Улаанбаатарт очоод гудамжид зогсоод заруулахгүй. Явдал чирэгдэл ихтэй. Малчин бид малынхаа ашиг шимийг зарж борлуулж амьдардаг шүү дээ. Тэгж амьдрал ахуйгаа залгуулна.
Энэ бүхэн нэлээн хаалттай. Хэцүү л байдаг. Нэгдсэн журмаар зохион байгуулдаг зүйл алга байна. Өөрсдөө борлуулах бүтээгдэхүүн, түүхий эдээ чирээд явна. Зарах борлуулах газраа олохгүй ченж нарт л “гардуулдаг” шүү дээ. Тээж явснаас хотноосоо өгсөн нь бараг амар болж байгаа. Тэгээд л хүний эрхэнд тогтсон ханш байхгүй. Хүний амаар хэлсэн үнээр нь л өгч байгаа шүү дээ.
Телевиз үзэж байхад “малчид даварч байна аа” л гэж байна. Бид тийм өндөр үнээр мал, махаа өгч чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд л цаашаа дамжсаар яваад л өндөр үнэнд хүрч байгаа. Ченж хараад тэдэд авна үгүй бол үгүй гээд шийддэг. Ийм л байдлаар борлуулдаг.
-Малын татварын талаар таны бодол ямар байна?
-Малаас татвар авахгүй байгаа нь малчдын амьдрал дээшлэхэд нөлөөлсөн байх гэж бодож байна. Татвар өгөөд эхлэхээр дийлэх хүн байна. Дийлэхгүй хүн гарна шүү. Сайхан малаа өсгөөд таваарлаг болгоход нэлээд удна. Нэлээн чамбай болсон улс ч байна. Тэр бүгдэд татварыг жигд онооход хэцүү.
– Өнгөрсөн өвөл танай хил залгаа суманд цэцэг өвчин гарлаа.
-Энэ яахав дээ. Малчдаас л шалтгаалж байгаа. Цэцэг өвчин гэж ярьж байна. Малын шилжилт хөдөлгөөнөөс болж байгаа юм. Сайн хуц ухна авлаа гээд өвчний голомттой газраас мал авсан гэсэн.
Манай энд өндөрлөг газар учраас элдэв төрлийн малын өвчин гайгүй шүү ээ. Ер нь сайхан нутаг даа. 30 км газар хөвчөө дагасан нутаг. Хавартаа цас их унадаг.
-Зуншлага ямар байх төлөв байна.
-Энэ зун оройтож магадгүй болоод байна. Жил өнгөө дагадаг. Энэ хавар харьцангуй таатай байлаа. Ер нь цаг агаар ч хувьсганалгүй. Харин хавсаргатай байлаа шүү.
-Мал маллагааны арга барил гэж малчин болгонд өөр байгаа. Таны бодлоор гол нь юу анхаармаар санагддаг бол?
-Дунд эргэм насны бид энэ цаг хугацаанд амьдарч байгаа хүмүүс. Бидний дээд талын үе, миний эцэг эхийн үед бол малыг арай илүү хариулж байсан шиг байгаа юм. Цөөн малтай. Нэгдэл гэж байхад чиглэл чиглэлээр нь хариулна. Суурилдаг байсан. Бод, богоор нь. Адуу үхрээр нь суурилдаг байсан. Тэгээд бэлчээрийн хуваарилалт өөр, зохион байгуулалт сайн байсан. Одоо бол нэгнийхээ өвөлжөө, хаваржааны дэргэд ирээд зусаад намаржчихаад яваад өгч байна шүү дээ. Энэ бол болохгүй л асуудал
Нэг айл хонь, үхэр, адуутай. Дуртай газраа нүүж буугаад л явж байна. Үнэндээ аль илүү нүүж суусан нь хожиж байна шүү дээ.
Мал маллахад нэг л юм байна гэж боддог. Зуншлага оройтоод байгаагаас мал орой тарга тэвээрэг аваад байна гэж боддог. Сайхан махан тарга авч чадахгүй байна. Ерөөсөө цагийн байдал тиймэрхүү байгаад байгаа юм. Жаахан гандуу байснаа 6-р сард гайгүй болно. Тэгээд 7-р сард хэт халдаг.
Гучаад жилийн өмнө 5-р сарын 15-нд мал мах өгөх гээд сумын төв ороход “мөлчигнөсөн” морь унадаг байсан бол одоо ховор шүү дээ. Их гайгүй газар нутагласан малчны морь л үсээ хаясан байж магадгүй. Ер нь бол зуншлага сүүлийн хэдэн жил оройтож байгаа. Бараг 20 хоногоос сарын хугацаатай оройтож байгаа шүү.
Өвс ургамалыг бүтэц хүртэл өөрчлөгдөж, олон төрлийн ургамал ховордож байна. Шивээ их ургаж байна. Шаргалтаад байдаг газар шивээн толгой ганхаад байдаг боллоо.
-Өөхөн тарга авсан мал амархан “хайлдаг” гэдэг.
-Ер нь бол ажиглагдаж байгаа л даа. Махан таргагүй өөхөн тарга авчихаар зуд даахгүй л гэсэн үг л дээ. Дороо л тэвээрэг нь бууна. Махан таргаар л мал их тэснэ шүү дээ. Өөхөн таргатай малыг ширүүн хөдөлгөөд байвал дороо л “хайлна” шүү дээ.
-Ярилцсан танд баярлалаа.
М.Батжаргал

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0