Уул уурхайн компаниудтай орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээ байгууллаа

Өнөөдөр Булган аймгийн нутгийн удирдлага болоод манай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьд чухал ач холбогдол бүхий өдөр тохиож байна.

Зах зээлийн эдийн засагт шилжиж, эдийн засгийг либералчилсны үрээр манай улсад нийгэм, эдийн засгийн олон олон шинэ үзэгдэл, хандлага төлөвшсөн. Түүний нэг нь компанийн засаглал, нийгмийн хариуцлагын тухай асуудал юм.

Эл асуудал үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны компаниудын хэмжээнд яригддаг байсан бол ойрын жилүүдээс жижиг, дунд, том алиныг ч үл хамааран улс, орон даяар яригдах боллоо. Үүний тод жишээ манай аймаг болж байна.

Өнгөрсөн 3 жилийн дүнгээр манай аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниуд  сум, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, нийгмийн салбарт 920 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн нь тухайн орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, амьдрах орчин нөхцөлд багагүй тус дэм болжээ.

Өмнө манай аймагт зөвхөн Бүрэгхангай, Дашинчилэн сумдад л компанийн нийгмийн хариуцлагын тухай асуудал яригддаг, шийдвэрлэгддэг байсан бол өнөөдрөөс эхлэн  аймгийн хэмжээнд хөндөн, гаргаж  байна.

Аймгийн Засаг даргын зүгээс уул уурхайн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуй нэгжүүдэд зохих шатны арга хэмжээ авсан бол хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа дээрх чиглэлийн компаниудтай орон нутгийн хөгжлийг дэмжих хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Энэхүү гэрээ нь 2018 онд тохиох Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Энэ гэрээ нь нэг талаас уул уурхайн компаниудын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, нөгөө талаас орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, ажилтай, орлоготой болгох, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж хийх бүтээн байгуулалтуудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0